Бид өдөр тутмынхаа ажилд сатаарч, өөрсдийгөө ямагт завгүй, асар их ажилтай байгаа мэтээр төсөөлдөг, гэтэл энэ нь үнэн хэрэгтээ бидний өөрөө өөрийгөө хуурч байгаа арчаагүй аргацаалал байдаг гэж би боддог. Нэг л их завгүй нөхөд давхиад л байдаг, давхиад л байдаг, гэтэл эцсийн дүндээ юу ч байдаггүй. Үүний тод жишээ бол өнөөгийн манай оюутнууд шүү дээ. Хичээлээ давтах нь сайн зүйл хэдий ч өөрийн чөлөөт цагаа хэдэн хичээлийн даалгавар, рефератаа хийсээр өнгөрөөчихдөг оюутнуудыг би ойлгодоггүй. Яагаад гэвэл тэдэнд тэр хэдэн даалгавараа хийчихээд өөр дахиад ихийг олж мэдэх, өөр олон үйл ажиллагаанд оролцох зав хангалттай байдаг юм, харамсалтай нь тэдний дийдэнхи нь үүнийгээ тэр бүрий мэдэрч, ашиглаж чадахгүй байх шиг санагддаг.
Ялангуяа аялал жуулчлалын мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудын хувьд суралцаж байгаа хичээлүүд нь янз бүрийн чиглэлийн хичээлүүд байдаг, энэ нь тэдний суралцах үйл явцыг хүндрүүлэх нь бий. Гэвч төгсөөд ажлын байран дээр гарахад тэдний хичээлээр олж авсан мэдлэг туйлын хангалтгүй байдаг юм. Яагаад гэвэл аялал жуулчлалын салбар нь маш өргөн хүрээнд ажиллахыг шаарддаг учраас тэр шүү дээ. Тийм учраас болж өгвөл эхнээсээ, арга ядахад 2-р ангиасаа зөвхөн багш нарын ам, гарыг хараад суугаад байлгүй өөрөө өөртөө мэргэжлийн чиг баримжаа олж авах, туршлага хуримтлуулахад анхаарч, хичээн ажиллах хэрэгтэй байдаг.
Шууд ийнхүү зориглон ажиллах нь олон олон хүндрэлтэй учруулах нь магадгүй л юм. Гэхдээ та өөрөө л зориглохгүй бол яагаад ч амжилтанд хүрч чадахгүй шүү дээ.
Та өөрөө зориглоод зүтгэх гэж байгаа бол би танд өчүүхэн ч атугай тус хүргэхэд бэлэн байна. Яаж? Аялал жуулчлалын салбарт ажиллах, суралцахад олон төрлийн мэдээ, мэдээлэл шаардлагатай байдаг ч тэр болгон хүртээлтэй байдаггүй нь оюутнуудын цагийг үрж, даалгавар, рефератны мэдээ материал хайсаар өдөр өнгөрөөхөд хүргэдэг нэг шалтгаан гэж би үздэг юм. Иймд та бүхний хичээл даалгавараа хийхэд шаардлагатай боловч олдохгүй байгаа мэдээллүүдийг чинь энэхүү блог хуудсаар дамжуулан хүргэж байх болно. Энэ ч бас л төвөгтэй ажил, гэхдээ миний эхлүүлж байгаа энэхүү ажлыг сэтгэл нэгт нөхөд минь дэмжиж хамтран ажиллах болно, тэгээд бид хамтдаа үр дүнд хүрэх болно гэдэгтээ би итгэлтэй байна.
9/16/2006
Subscribe to:
Posts (Atom)